Таны хуулийн мэдлэгт: Баяжуулсан хүнсний тухай хууль

2020-07-10    707

Баяжуулсан хүнсний тухай хууль

УИХ-ийн гишүүн А.Ундраа, Б.Батзориг, Ц.Гарамжав нарын хамтран боловсруулсан Баяжуулсан хүнсний тухай хуулийг УИХ 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр батлан гаргасан бөгөөд тус хууль нь 4 бүлэг 13 зүйлтэй.

Дэлхийн 80 орчим улсад хүнсээ баяжуулдаг бөгөөд Монгол улсад Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдсанаар хүнсээ хүний биед нэн шаардлагатай шим тэжээл, эрдэс бодисоор баяжуулж хэрэглэх анхны хууль эрх зүйн орчныг бий болгосон юм.  

Уг хуулиар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар болон үйлдвэрийн аргаар баяжуулах, баяжуулагч бэлдмэлийг импортлох, үйлдвэрлэх, экспортлох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Түүнчлэн шимт, тэжээллэг хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн орны баялаг түүхий эдийн нөөцийг ашиглан баяжуулагч бэлдмэлийн экспортыг хөгжүүлэх, мөн хүн амыг амин дэм, эрдэс бодисын дутагдлаас сэргийлэх, бие физиологийн бодисын солилцоо сайжируулснаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой хууль юм.

Хүн амын эрдэс, витамины дутагдлын судалгааг түүвэрлэн авч үзвэл иргэдийн 7,4 хувь нь иодын, 28,5 хувь нь гемоглобины, 21,4 хувь нь төмрийн, 32,4 хувь нь витамин А-ийн, 80 хувь нь витамин Д-ийн дутагдалтай үүнээс 42,4 хувь нь гүн дутагдалтай болохыг тогтоожээ.

Эрүүл мэндийн яамны Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4,7% өсөлтийн хоцрогдолтой, 15-64 насны хүн амын 54,4% нь жингийн илүүдэлтэй, 26-64 насны хүн амын 61,7% нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй, өвчлөл, нас баралтын 80% нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй байна. Хачирхалтай нь энэ байдал нь орлого, нас, хүйсээс үл хамаарч байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Баяжуулсан хүнсний тухай хуулийн хүрээнд Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт-ыг Засгийн газрын 2018 оны 336 дугаар тогтоолоор баталж, энэ жагсаалтын дагуу буудайн гурил болон давсыг баяжуулахаар шийдвэрлэсэн. 

Баяжуулсан хүнсний тухай хуулийн хүрээнд Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дараах стандартын төслүүдийг боловсруулж, батлуулсан. /Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2019 оны Т-69 дугаар тушаал/  Үүнд:

  1. Баяжуулсан буудайн гурил техникийн ерөнхий шаардлага.  MNS  6812-2019
  2. Буудайн гурилыг баяжуулагч бэлдмэл. Техникийн ерөнхий шаардлага. MNS 6811-2019
  3. Хүнсний зориулалтын иоджуулсан давс. Техникийн ерөнхий шаардлага. MNS 5046-2019                  

Дээр дурдсан стандартуудыг дагалдан гарах Баяжуулагч бэлдмэл, Баяжуулсан гурил дахь аминдэм, эрдсийн агуулгыг тодорхойлох чанарын болон тоон шинжилгээний аргын стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах, Иоджуулсан давс дахь иодын агуулгыг тодорхойлох лабораторийн шинжилгээний аргыг шинэчлэх, баталгаажуулах, Лаборатори дундын харьцуулалт хийх ажлуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа хүнсний эрдэм шинжилгээний төвтэй хамтран хийж байна. 

Баяжуулсан хүнс үйлдвэрлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам-ыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-27 дугаар тушаалаар, Баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэхэд мөрдөх журам-ыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-26 дугаар тушаалаар тус тус батлуулсан байна.  

Дараах холбоосоор хуультай танилцана уу.

https://www.legalinfo.mn/law/details/13353

Сэтгэгдэл
Баттогтох2020-07-16 14:34203.169.48.34
Монгол оронд маш хэрэгтэй хууль батлан гаргасан байна. Монгол улс НҮБ-ын ХЭЗ-д - удаагийн UPR-ын зөвлөмжөөр Хүнсний аюулгүй байдалтай холбоотой тайлан илтгэл хүргүүлсэн байгаа. Одоо энэ хуулийн хэрэгжилтийг хангах олон нийтэд таниулах талаар ялангуяа манай төсөлд хамрагдаж байгаа Булган аймгийн Дашинчилэн сум, Баяннуур сум, Гурванбулаг зэрэг сумдын ИТХ болон ЗДТГ мөн Төв аймгийн Баянхангай, Баянцогт, Аргалант сумдын ИТХ болон ЗДТГ санаачлага гарган бусад аймаг сумдыг манлайлан ажиллах шаардлагатай гэсэн санал оруулав НҮБ-ын төсөл хэрэгжүүлэгч Митчелл сангийн Гүйцэтгэх захирал Б.Баттогтох
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл