Дроныг хөдөө аж ахуй, газар тариаланд ашиглаж эхэллээ.

2020-07-10    840

Дроныг газар тариаланд ашиглаж эхэллээ.

Газар тариаланд дрон болон оптик төхөөрөмж ашиглан ургацыг хамгаалах, чанаржуулах, нэмэгдүүлэх  боллоо. Энэ боломжийг өнөөдрийн цахим технологийн ололт амжилт амьдралд бий болгож байгаа бөгөөд их хэмжээний тоо материал боловсруулах замаар “ухаалаг”-аар шийдвэрлэж байна.

Дрон ашиглах буюу зайнаас тандан судлалын нэг үндсэн зарчим нь биет, аливаа юмсын цацаргалтын энерги, гэрэл ойлгох, сарниулах чадвар дээр үндэслэн танин мэдэх, ойлгох үйл явц байдаг.

Цааш нь жаахан нарийн тайлбарлавал, гадарга дээрх биет, юмсын нарны гэрлийг ойлгох, шингээх, сарниулах хувь хэмжээг ус, хөрс, ногоон ургамлын жишээгээр тайлбарлан харуулах нь тун ойлгомжтой байдаг. Нарнаас ирж буй цацраг нь долгионы уртаас хамаарч үзэгдэх гэрлийн (хүний нүд харж чадахуйц), ойрын, дундын, холын нил улаан туяа болон богино долгион (радио долгион) гэх мэт ангилагддаг. Эдгээр цацрагуудын мужид ус, хөрс, ногоон ургамал өөр өөр ойлт үзүүлэх бөгөөд тэдгээрийг судлан харьцуулснаар ялгаатай болон ижил төсөөтэй шинж чанаруудаар нь судлан тогтоодог.

Жишээлбэл, ногоон ургамал нарны цацрагийг үзэгдэх гэрлийн мужид 10% хүртэл ойлгодог бол Ойрын нил улаан туяаны мужид 50% ойлгох бөгөөд эдгээрийн харьцаагаар ургамлын ногоон өнгөний хэмжээг илэрхийлж болдог. Мөн түүнчлэн, ургамал тус бүрийн төрөл, онцлог шинж байдлаас шалтгаалан нэг ижил мужид янз бүрийн хэмжээгээр ойлгож, сарниулж, шингээж байгаа нь ургамлыг өөр хооронд нь ялган зураглах боломжийг олгож байна.

Дээрхи байдлаар хөрс, ургамалд агуулагдах шим тэжээлийн бодисын хэмжээг зайнаас тандан судлалын арга ашиглан тодорхойлох нь ургацыг нэмэгдүүлэх, ургац хураалтыг чанартай алдагдал багатай гүйцэтгэх, мөн түүнчлэн усалгаатай газар тариаланд усны хомсдлоос сэргийлэх, нормыг хамгийн зохистой хэмжээнд тохируулах зэрэг газар тариалангийн үйлдвэрлэлд олон боломжуудыг олгож байдаг.

Мөн панхроматик болон олон сувгийн зургуудад суурилан ургамлын ургалтын үед ирээдүйд авах ургацын хэмжээг урьдчилан тооцоолох ажил нилээн сайн судлагдсан байдаг. Мөн агаарын өндөр нарийвчлалтай зураглалын арга нь ургацын урьдчилсан тооцооллын загварыг нилээд үр ашигтай болгосон.

Өөрөөр хэлбэл, тариалан эрхлэгч, агрономич, менежментийн багийнхан талбайг бүрэн дүүрэн төрөл бүрийн үзүүлэлтээр харж чадах бөгөөд одоо явагдаж буй үйл ажиллагааны төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх, цаашид ухаалаг төлөвлөлт хийх, зардлыг бууруулж үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх зэрэг ажлыг амжилттай хийхэд шаардлагатай мэдээллийг бий болгоно гэсэн үг юм.

Өөр нэг сонирхолтой чиглэл нь бэлчээрийн даац, гарцыг тодорхойлох боломжийг энэ технологи олгож байгаа. Энэ нь манай улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийг үр ашигтай болгоход ихээхэн түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Өөр бусад чиглэл нь байгалийн баялагийн менежмент болон хяналтийн системд энэ технологийг ашиглах явдал юм. Ус, ой, хөрсний эвдрэл, нөхөн сэргээлт гээд олон чиглэлд энэ технологи нэвтэрч байна. Мөн газрын менежмент, үйлдвэрлэлийн төлөвлөлт, дэд бүтцийн хяналт, судалгаа гээд боломжууд хязгааргүй ээ.

Бэлтгэсэн Л.Баяртулга

Агрономич, Канадын Искачеван Их сургуулийн докторант

Сэтгэгдэл
Амартөвшин 2020-07-16 11:08192.82.71.119
Хэрэгтэй мэдээл байна
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл