Г.Зориг: "Дижитал эдийн засаг"

2020-10-09    1652

- Бид оюун ухаанд суурилсан хөгжлийн эрэн зуунд амьдарч байна. Энэ хэрээр шинжлэх ухаан, техник, технологи асар хурдацтай хөгжиж байна. Салбар бүрт ярих болсон дижитал эдийн засаг гэж юуг хэлээд байна вэ?

-Дижитал гэдэг үгийг зарим хүмүүс тоон эсвэл цахим гэж орчуулдаг. Гэтэл энэ хоёроос шал өөр. Энэ нь сүүлийн үеийн мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийг хэрхэн үр ашигтай ашиглах талаарх ойлголт. Эдийн засгийг технологийн хүчээр огт өөр үр өгөөжтэй эдийн засаг болгож хувиргахыг хэлж байгаа юм. Тухайлбал, дэлхий нийтийг холбож буй Facebook компани байна. Энэ компани гэхэд “United AirLines” гээд хэдэн мянган онгоцтой, олон улсад салбартай компанитай харьцуулахад зах зээлийн үнэлгээ маш өндөр байдаг. Учир нь Facebook компани асар олон салбар, хүмүүсийн датад үндэслээд өөртөө дижитал үнэ цэнийг бий болгож чадаж байгаа юм. Ийм төрлийн эдийн засгийг ерөнхийдөө дижитал эдийн засаг гэдэг. Дижитал эдийн засгийн үндсийг бүрдүүлж байгаа компаниудын зах зээлийн үнэлгээ триллион доллар давж байна. Базаад хэлбэл дижитал шилжилт хийгдсэний үр дүнд бий болсон эдийн засаг бизнесийн үйл ажиллагаа, дата, технологи, тогтолцоог бүхэлд нь дижитал эдийн засаг гэдэг.

 

- Дижитал эдийн засагт шилжихийн тулд тухайн улс орон юунаас яаж эхлэх ёстой вэ?

-Ерөөсөө өмнө хийж байсан уламжлалт аргаасаа татгалзах огт өөрөөр хийхийг зорих ёстой. Тэгэхээр бизнесийн загвар, худалдан авагч нь өөрчлөгдөнө. Одоо нийт хүн ам, дата, ухаалаг төхөөрөмжүүд бүхэлдээ сүлжээгээр холбогдож байна. Мэдээлэл нь цаг хугацаа, орон зайн ямар ч ялгаагүй болчихсон. Худалдаа, үйлчилгээ, боловсрол, эмнэлэг гэх мэт бүх салбар технологид суурилсан. Үүнийг илүү үр ашигтай болгох нь дижитал эдийн засаг юм. Өөрөөр хэлбэл, дижитал эдийн засгийг бүх салбар бүрдүүлнэ.

 

- Цахим ертөнц ганцхан мэдээлэл солилцох хэрэгсэл байхаа больж, харин эдийн засгийн хязгааргүй талбар болсон гэж ойлголоо. Үүнтэй зэрэгцээд дижитал шилжилт хийх тухай яригдах болжээ?

-Дижитал шилжилт гэдэг бол цахим үйлчилгээ биш. Хүмүүс төрийн цахим үйлчилгээг дижитал шилжилттэй андуураад байна. Өмнө нь хийж байсан үйлчилгээгээ цахимаар хийдэг болсон гэсэн үг. Харин дижитал шилжилт бол өмнөхөөс огт өөрөөр хийнэ. Шинээр бий болсон суурь технологиуд, мэдээллийн технологийн хөгжил, нийт хүн ардын сэтгэлгээ, хэрэглээний өөрчлөлт зэрэг орчны эрс өөрчлөлтөнд зохицон бий болж байгаа шинэ төрлийн дижитал бизнес, үйл ажиллагааны шинэ загвар, эрс өөр бүтэц, шинэ мэргэжил мэдлэг чадваруудыг бий болгох цогц үйл явцыг дижитал шилжилт гэж нэрлэдэг.

Товчоор бол загвараа бүрэн өөрчлөх юм. Бүх салбарууд хоорондоо холбогдох ёстой. Архитектор хот төлөвлөлт гээд байдаг шүү дээ. Үүнтэй адил мэдээллийн архитектор нь өөр болно гэсэн үг.

Ингэхээр түүн дээр ажиллах бүх зүйл өөрчлөгдөх ёстой. Жишээлбэл, крипто валют гарч ирснээр мөнгө, доллар, банк гэдэг ойлголт өөрчлөгдөж эхэлсэн. Банкаар дамжуулж мөнгө шилжүүлэх, хэвлэх гэсэн ойлголт үгүй болох жишээтэй.

 

-Монголд жишээлбэл дижитал шилжилт хэр тархаж байна вэ?

-Дижитал шилжилт олон түвшинд хийгддэг. Улс орны түвшинд холион бантан болсон ойлголтын зөрүү байгаагаас шилжилт хийх бодлогын нэгдсэн ойлголт алга байна. Дижитал, цахимжуулалт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж ярьсан хүмүүс олон байгаа боловч дутуу ойлгосон, эдгээр нь хоорондоо ямар ялгаатайг мэдэх хүн цөөн байна. Гэхдээ бизнес, байгууллагуудын дотор зарим оролдлого хийгдэж байна, Тухайлбал Сонгдо эмнэлэгийн хиймэл оюунд тулгуурласан Watson систем, Bolorsoft-ийн CHIMEGE, LEND.MN, UB Car гэх мэт шийдэл санаачлагууд эхэлж байна л даа. Гэхдээ энэ нийтдээ тархаж байна уу гэвэл үгүй. Монголчуудын ихэнх нь одоо "Facebook"-ээр хоорондоо холбоотой болчихлоо. Гар утаснаасаа интернет орж байна. Үүнийг л манай бизнесийн салбарынхан ашиглах ёстой, гэхдээ ухаалгаар. Юу гэсэн үг вэ гэхээр, бизнес хийхдээ тус тусдаа бус дундын нэгдсэн үйлчилгээг явуулах тухай юм. Ингэснээр зардал багасч, үйлчилгээний чанар ч сайжирна. Ингэж байж дэлхий нийтээр яриад байгаа дижитал шилжилт, дижитал эдийн засаг гэдэг чинь гарч ирнэ. Үүний үр дүнд үйлчилгээ хурд, төрөл, чанар нэмэгдэнэ, соёл сайжирна, зарлага багасна гээд маш олон давуу талтай.

 

-Дижитал шилжилтийг хийхэд боловсон хүчин чухал уу?

-Чухал байлгүй яах вэ. Одоо манайхан программ зохиогч их хэрэгтэй гэж ярьдаг. Харин би бол архитектор гэж хүн хэрэгтэй гэж хэлнэ. Нийтийг хамарсан систем хийхийн тулд бүх салбарыг томоор харж, төр хувийн хэвшлийг хооронд нь холбоход мэдээллийн системийн архитектор чухал үүрэг гүйцэтгэх юм. Бүтэц, загвар, үйл ажиллагаа системийн холболтыг хот төлөвлөлт шиг гаргана гэсэн үг. Дижитал шилжилтийг төлөвлөлгүй хийвэл одоогийн түгжрэл шиг юм болно. Хэзээ ч ашгаа өгөхгүй. Тэгэхээр ямар чухал мэргэжил болох нь ойлгомжтой. 

 

-Энэ салбарт өөрчлөлт хийхийн тулд автоматжуулалт, мэргэжлийн баг чухал байх?

-Малчид мянган мэргэжлийг эзэмшсэн байдаг гэдэг шиг одоо ч бүх ажлыг гараараа л хийж байгаа. Тэгэхэд Шинэ Зеландад бол эмгэн, өвгөн хоёр юу ч хийхгүй суучихна. Мал хяргах болоход захиалга өгчихнө. Тэр дор нь багажаа барьсан хэдэн залуус хүрээд ирдэг. Эмгэн, өвгөн хоёрын арван өдөр хийх ажлыг тэд хоёр, гуравхан цагийн дотор хийчихнэ. Мал нядлах бол бас л хүмүүс дуудчихна гэх мэт комьютерийн ард платформ үүсгээд сууж байдаг. Мэдээж үүнийг бодоход манай цаг агаар, бэлчээрийн нөхцөл байдал өөр л дөө. Гэхдээ бүх ажлыг ингээд автомат болгочихоор Шинэ Зеланд манай адил хэмжээний малыг цөөн хүний хүчээр маллаж болж байгаа юм. Би хөдөө аж ахуйн салбарын хүн биш. Гэхдээ ийм боломж байна шүү гэдгийг жишээгээр хэлж байгаа юм. Юутай ч манай улсад салбар бүрт дижитал шилжилт хийх цаг үе нь ирсэн байна. Бид орчин үеийн нөхцөл байдлыг ер ашиглахгүй байна.

Дижитал шилжилт хийхийн тулд одоо өрөөнөөсөө гарч, огт өөрөөр сэтгэх хэрэгтэй.

 

-Энэ шилжилтийг хийснээр Монгол Улсын хөгжилд яаж нөлөөлөх вэ, бодит хөрсөн дээр буух боломжтой юу?

-Та бодоод үз дээ. Нэг оёдолчин бүх дээлийг ганцаараа оёдог. Өдөрт хоёр дээл оёдог гэж үзье. 20 оёдолчин авбал нийт 40 дээл хийдэг байж болно. Ингэхгүйгээр товч, шилбэ, зах, ханцуйг нь тус тусад нь хамгийн сайн хийдгийг нь оноогоод өгчихвөл нэг өдөр 40 биш 100 дээл хийх боломжтой. Хамгийн гол нь чанартай. Үүн шиг дижитал шилжилт хийснээр бүх хүн хамгийн сайн чаддаг зүйлээ хийнэ. Ингэснээр хамтын үр шимийг хүртэх дижитал эдийн засаг бий болж, Монгол Улс маш хурдацтай хөгжих боломжтой юм.

 

Суурь технологийн талаар тайлбарлана уу?

Суурь технологид дэлхийн бүх хүний амьдралд нөлөөлж, ажил үйлчилгээг өмнөхөөс өөрөөр явуулах боломж бололцоо олгодог технологиудыг нэрлэдэг. Жишээлбэл: гал, бичиг үсэг, галт зэвсэг, уурын тэрэг, үйлдвэржилт, цахилгаан, компьютер, интернет г.м. Эдгээр технологиудыг бий болсоны дараа хүмүүс өмнөхөөсөө шал өөр байдлаар ажиллаж байж л хөгжилтэй хөл нийлүүлэхээс өөр аргагүй болно. 

 

Одоо ямар суурь технологи бидний амьдралд нэвтэрч байна вэ?

Хиймэл оюун, хөдөлгөөнт холбооны 5G технологи, квант компьютер, блокчейн, юмсын интернет, виртуал болон аугментед реалити, жолоочгүй автомашин, дрон г.м-ийг нэрлэж болно. Өмнө нь олон зуун жил, хэдэн арван жилд томоохон суурь технологи хүмүүсийн амьдралд нэвтэрдэг байсан бол одоо жил бүр, зарим жилд хэд хэдээрээ суурь технологиуд нэвтэрч байгаараараа онцлогтой. Ялангуяа суулийн 2-3 жил эдгээр технологиуд улам хурдацтай хөгжиж байна. Хүмүүс шал өөр орчинд амьдрахаас өөр аргагүй болж байна.

 

Хиймэл оюун, ухаалаг робот, өөрийн удирдлагатай төхөөрөмж, блокчейнд тулгуурласан ухаалаг токен – гэрээ зэргүүдийн хөгжлийн нөлөөнөөс хамаарч хүн төрөлхтөн анх удаа дийлэнх ажлаа компьютержсэн системд булаалгах болж байна. Олон улсын томоохон судалгааны байгууллагуудын дүгнэлтээр 2030 он гэхэд нийт хүмүүсийн 30-50 хувь ажлаа алдах, цаашдаа одоо хйиж байгаа нийт ажлын 70-80 хувийг ухаалаг технологи гүйцэтгэх болох юм.

 

Улс орны хөгжилд дижитал эдийн засаг ямар нөлөөтэй вэ?

Дижитал шилжилтийг үр дүнтэй зөв хийж дижитал эдийн засгийг цогцлоож чадсан улсын хөдөлмөрийн бүтээмж олон дахин нэмэгдэж, чадаагүй нь ихэээхэн хоцрогдсон улс орон болж хувирна. Өнөөдөр технологид ялсан нь дэлхийд ноёлно гэдэг үгийг олон томоохон улсын удирдагчид хэлж байна. Баялаг, хөрөнгө мөнгө, зэр зэвсгээс илүүгээр дата, технологи хөгжлийг тодорхойлж эхэллээ. Тийм учраас сүүлийн 1-2 жилд маш олон улс орон хөгжлийн стратегээ шинээр тодорхойллоо. Хөрөнгө мөнгө гаргаж, боловсролын тогтолцоогоо өөрчилж байна.

 

Дижитал шилжилтийн тодорхой жишээ юу вэ?

Facebook, twitter, instagram г.м социал сүлжээнүүд хүмүүсийн харилцаа, хэвлэл мэдээллийг, AIRBNB зочид буудлын үйлчилгээ, UBER таксний үйлчилгээ, MOOC дэлхий нийтийн боловсролыг тогтолцоог хэрхэн өөрчилж байгааг харж ойлгож болно. Энэ мэт бүх салбарт хуучин тогтоцоо нуран унаж цоо шинэ системүүд бий болж байна.

Сэтгэгдэл
Tuslah2020-10-10 09:4075.190.43.209
Huuli erh zuin nokhtsol ni burdeegui Manaikhshig uls ene zah zeelruu orchid mash hetsuo
Адьяа. Г2020-12-15 20:09192.82.67.8
маш зөв харж асуудлыг дэвшүүлжээ амжилт хүсье.
Зочин2022-10-10 16:56203.217.139.240
хэрэгтэй мэдээлэл бна
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл