Малчин залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

2020-10-05    52

Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд

Манай орны хувьд нийт хөдөлмөрийн насны хүмүүсийн 47 орчим хувийг 15-34 насны залуус эзэлж байна. Ажиллах хүч буюу нийт ажиллаж байгаа хүмүүс мөн ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн 39-40 хувийг залуучууд эзэлж байна. 

Малжуулах хөтөлбөр: ХНХЯам “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Мал маллаж байгаа малчин хүн ажиллагчдын тоонд орж үндэсний статистикийн хороонд бүртгэгдэж явдаг. Малгүй болоод ажилгүй болвол ажилгүйчүүдийн тоонд ордог. Ийм бид цөөн малтай бөгөөд малгүй хүмүүсийг ажлын байрыг нь хадгалах, ажлын байртай болгох зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн гол агуулга нь 100 малтай эсвэл малгүй залуу малчин өрхүүдэд 5 сая, 4 сая төгрөгт мал худалдаж авах ажлуудыг хийдэг. Гэхдээ энэ зээлийг 3 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зохион байгуулдаг. Өмнө нь бид нар эргэн төлөх нөхцөлгүйгээр зохион байгуулж байсан. Тэгэхэд хүмүүсийн санхүүгийн сахилга бат гэх мэт зарим талууд дээр дутагдалтай тал ажиглагдсан. Ийм учраас бид эргэн төлөгдөх нөхцөлтэй болгосон. Эргээд төлсөн тэр хөрөнгөөр дараа дараачийн малчид залуучууд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлуудыг хийдэг. Энэ арга хэмжээнд хамрагдахыг хүссэн залуучууд сумуудад сумын амжиргааг дэмжих зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл нь өөрийн сум орон нутагт аль малчдад энэ дэмжлэгийг үзүүлэх вэ гэдэг үндсэн сонголт шийдвэрийг гаргадаг. Яг олгох шийдвэрийг аймагт хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар сумуудаас ирсэн саналыг харгалзан үзэж гаргадаг. Ерөнхийдөө хавар, хээлтэй эм мал худалдаж авч өгдөг. Энэ нь дараа жил нь үржээд явах бүрэн боломжтой. Иймд энэ хөтөлбөр нь орон нутагт нилээн гайгүй хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг юм.

Гэрээт малчин : Мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гэрээгээр мал маллах хүсэлтэй хүмүүсийг хөдөө орон нутагт очиж мянгат малчин, мал ихтэй айлд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тусалж ажиллах арга хэмжээг дэмжиж ажилладаг. Энэ хүрээнд бид заавал хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаарддаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад цалин хөлстэй, гэр бүлээр нь гэрээгээр мал маллуулах зорилготой. Мөн энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөшүүрэг дэмжлэгийг хэрэгжүүлж байгаа. Энэ дэмжлэгийн хүрээнд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгодог. Өөрөө хэлбэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч малчин, гэрээт малчин өөрсдөө төлсний дараа бид буцаагаад олгодог. Нөгөө талаараа суурин газраас хөдөө орон нутагт нүүж очихтой холбоотой зардлыг 500.000 хүртэлх төгрөгийг санхүүжүүлэх боломжтой. Энэ хөтөлбөр арга хэмжээнүүдэд хамрагдахыг хүсвэл манай залуу малчид, мал маллахыг хүсч байгаа залуучууд аймаг, дүүргийнхээ хөдөлмөр халамж үйлчилгээний газар, хэлтсүүдэд хандан хамрагдах боломжтой.

Эдгээр хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл хүсвэл Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дарга С.Дамбийгийн оролцсон Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд подкастыг энд дарж сонсоорой. 

Сэтгэгдэл
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл