Залуусыг дэмжих старт ап хөтөлбөр болон бизнесийн хөнгөлөлттэй зээл

2020-10-05    515

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд

Старт ап хөтөлбөр : Залуучуудад зориулж бид старт-ап буюу шинэ технологи, шинэ инноваци нэвтрүүлж байгаа залуучуудын бүлэгт эргэн төлөгдөх нөхцөлтэй 10 сая төгрөгийн барьцаагүй, хүүгүй дэмжлэгийг олгодог. Энэ арга хэмжээг бид Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв төсөл ХНХЯамны дэргэд хэрэгжиж байгаа. Энэ төсөлтэйгээ хамтарч старт-ап-ыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Старт-ап буюу гарааны бизнес гэж хүмүүс яриад байдаг. Гэхдээ хамгийн гол агуулга нь шинэ инноваци, шинэ технологи нэвтрүүлж байгаа ийм бизнесүүдийг ялангуяа залуучууд энэ чиглэлээр ажиллах санаачилга гаргавал бид 10 сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлж байгаа. Энэ дэмжлэгийг үзүүлэхдээ аймаг, дүүрэг бүрт 10 орчим багийг шалгаруулах хөрөнгийг хувиарладаг. Энэ дэмжлэгт хамрагдах хүсэлтэй залуучуудыг аймаг, дүүрэгт нь бүртгэж байгаад дотор нь баг болгож хуваана. Эсвэл өөрсдөө дотроо баг болж болно. Энэ дундаас гайгүй сайн нь хөгжөөд дэвшээд явдаг, зарим нь шантраад буцдаг. Энэ дундаас шалгарч үлдсэн багт 10 сая хүртэлх хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Мөн энэ ажилд төслийн зүгээс ментор ажиллуулах, шинэ санааг нь бодит ажил болгоход нь туслах ментор, зааварлагч, зөвлөгчдийг ажиллуулдаг. Мөн мэргэжлийн хүмүүс, төрийн бус байгууллага, сургалтын төвүүдтэй хамтран ажилладаг. Дөнгөж сургуулиа төгссөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин хангалттай биш байдаг. Үүний шалтгаан нь хувиараа хөдөлмөр эрхлэхэд дөнгөж сургууль төгссөн залуучуудын дийлэнх нь 70-80% нь амжилтгүй болдог гэсэн олон улсын судалгаанууд байдаг. Тэгэхээр аль болох залуучуудыг ментортой хамтран ажиллуулж санааг нь хөгжүүлж байж бид нар тэр ажлыг нь амжилттай болгох нь энэ хөтөлбөрийн гол агуулга байдаг.

Залуучуудын старт-ап гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт 281 багт 2,8 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэх санд төсөвлөөд аймаг, дүүргүүдэд хувиарлаад явж байна. Тэгэхээр залуучууд энэ хөтөлбөрийг сонирхоод явах бүрэн боломжтой. Хамгийн гол нь шинэ санаа, шинэ инноваци, шинэ технологийг дэмжих зорилготой. Манай яамны вэб хуудас, хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын веб хуудас мөн аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн веб хуудас, болон энэ газруудад очиход энэ хөтөлбөрүүдийн тухай бүх мэдээлэл нь бий.

Хөнгөлөлттэй, 7.2 хувийн хүүтэй зээл : НХХЯам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгодог. Энэ зээл нь жилийн 7,2%-ийн хүүтэй. Бид  Хаан банк, Төрийн банк гэх мэт орон нутагт салбаруудтай банкуудаар дамжуулан 2018 онд 15,9 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан, 2019 онд 8 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан, энэ жил бид 7,4 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр иргэдэд олгохоор ажиллаж байна. Энэ жилийн 7,4 тэрбум төгрөгийн 7,2 тэрбум нь Улаанбаатар хотод хэрэгжих зээл юм. Залуучууд маань энэ зээлийг аваад тодорхой хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ явуулах ажилдаа дэмжлэг болгож авах бололцоотой гэдгийг хэлье. Энэ зээлийг авах хамгийн гол шалгуур нь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байх ёстой. Эсвэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан 1-9 хүнтэй бичил аж ахуй нэгж, эргэлтийн хөрөнгө нь 50 хүртэлх сая төгрөг, бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч гэж хуулийн нэртэй аж ахуйн нэгжүүд авч болно. Банк дотоод журмаараа шаардлагаа тавьдаг ч яамны зүгээс аль болох шаардлагуудаа хөнгөлж зөөллөөч гэсэн саналыг тавьж байна.  

Бичил аж ахуй эрхлэх санаачлагыг дэмжих хөтөлбөр: Манай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орон нутагт байгаа иргэдийн бичил аж ахуй эрхлэх санаачлагыг дэмжиж ажилладаг. Гэхдээ энэ хөтөлбөр бол эргэн төлөгдөх нөхцөлтэй, барьцаагүй, хүүгүй 5 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгодог ажил байдаг. Энэ арга хэмжээ нь 35-аас дээш насны хүмүүст чиглэсэн байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нас заагаагүй. Яагаад 35-аас дээш гэж заасан бэ гэхээр залуу хүмүүс бол өөрөө өөрийгөө хөгжүүлээд ажилд зуучлуулаад, ажил хайж олох илүү боломжтой байдаг. 35-аас дээш насны хүмүүс нь ажил олдохгүй байна, ажил олгогчид нас зааж байна, бид хувиараа бизнес эрхлэх бүрэн бололмжтой гэсэн санал санаачилга их гаргадаг учраас бид санхүүгийн дэмжлэгийг 35-аас дээш насныханд түлхүү олгодог.

Эдгээр хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл хүсвэл Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дарга С.Дамбийгийн оролцсон Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд подкастыг энд дарж сонсоорой. 

Сэтгэгдэл
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл