ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР
ХАА-н салбарын ач холбогдол
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2011 онд эрхлэн гаргасан “Ногоон эдийн засаг” тайланд дурьдсанаар нийт 2.6 тэрбум хүн ам ХАА-н үйлдвэрлэлд оролцон амь зуулгын орлогоо олж байна. Түүнчлэн дэлхийн нийт ДНБ-ий 3 хувийг ХАА-н салбарын нэмэгдсэн өртөг бүрдүүлж байгаа ч улс орнуудын хөгжлөөс хамаарч харилцан ялгаатай байна. Тодруулбал ХАА-д суурилсан орнуудад ХАА-н салбарын эзлэх хувь 29% буюу 20 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй хэвэндээ байгаа бол шилжилтийн улс орнуудад буурч, 2000 оныхоор 16%, хотожсон орнуудад 6% байна. Тиймээс ХАА-н салбар ихэнх хөгжиж байгаа орнуудад орлогын гол үүсвэр байхад хөгжингүй орнуудад өндөр бүтээмжтэй байна (НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, 2011).
ХАА-н салбарт тулгарч байгаа сорилтууд
ХАА-н салбарын өмнө байгаль орчин, нийгэм, эдийн засгийн сорилтууд тулгарч байна.
БАЙГАЛЬ ОРЧИН |
НИЙГЭМ |
ЭДИЙН ЗАСАГ |
|
|
|
Байгаль орчны сорилт: Хүн амын өсөлт ба мах, махан бүтээгдэхүүний эрэлт өсч байгаагаас болж газрыг ашиглах хэрэгцээ улам нэмэгдэж, ойг огтлох, биологийн олон янз байдал цөөрөхөд хүргэж байна. Тухайлбал ой мод огтолж гаргасан газрын 80%-ийг ХАА-н тариалалтад ашигласан. Түүнчлэн өнөөгийн фермерийн аж ахуй эрхлэх хэлбэр нь байгалийн капиталыг элэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлын 13-15%-ийг эзэлж байна.
Нийгмийн сорилт: ХАА-н салбарын бүтээмж өссөн хэдий ч 1 тэрбум орчим хүн хоол тэжээлийн дутагдалтай байна. Түүнчлэн хоол тэжээл хүрэлцээгүй өрхүүдийн хагасаас илүү нь хөдөөгийн өрхүүд байдаг ч нөгөө талд хоол тэжээлийн илүүдэлтэй байх нь бий. Энэ нь хоол тэжээлийн хаягдал ба хүртээмжийн асуудлыг уялдуулах хэрэгтэйг харуулж байна. Цаашлаад байгалийн капиталын элэгдэл, бохирдол ба уур амьсгалын өөрчлөлт ядуусын орлого болон эрүүл мэндэд харилцан адилгүй нөлөөлж байна.
Эдийн засгийн сорилт: ХАА-н салбар нь жил бүр хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх дам нөлөөний зардал дагуулдаг. Мөн газрын доройтолд гол жин дардаг. Тухайлбал дэлхий даяар газрын доройтлын 35% ХАА-н үйл ажиллагаанаас болсон гэсэн тооцоо хийгджээ. Хортон шавж, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, агуулах, хуваарилалт, борлуулалтын шат хийгээд айл өрхийн хэмжээн дэх хоол тэжээлийн хаягдлыг нийлүүлж тооцвол хүний идэж болох калорын 50 орчим хувьтай тэнцэх ургац алддаг. Дараагийн эдийн засгийн асуудал нь хөгжиж байгаа орнуудын нэг ажилтанд ногдох нэмэгдэх өртөг аж үйлдвэржсэн орнуудынхаас маш доогуур түвшинд байна.
Монгол улсын тухайд тариалнгийн талбайн 60.6% нь хүчтэй элэгдэлд орсон, ихэнх бүс нутгийн хөрсний үржил шим дундаас доогуур үзүүлэлттэй, тариалангийн нийт 60 орчим хувь нь азот, калиар, 34.7% нь фосфорын агууламжаар дутмаг байна (Д.Нэргүй, 2015). Түүнчлэн бэлчээрийн экосистем сүүлийн жилүүдэд ихээхэн доройтжээ. Хиймэл дагуулын зураглал ашиглан гүйцэтгэсэн судалгаагаар 1988-2008 оны хооронд Монголын хээр тал бараг бүхэлдээ биомассын алдагдалд орсон байна. Мөн саяхан хэвлэгдэн гарсан цөлжилтийн атласт Монголын нийт газар нутгийн 77.8% нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртжээ (МУЗГ, 2014).