Цуврал №2. Оюутан залуучуудын Хүнсний бодит хэрэглээ

2020-06-16    1634

Хүнсний аюулгүй байдал, хүн амын хүнсний хангамж, шим тэжээл, залуусын хооллолт, анхаарах асуудлыг хөндсөн цуврал мэдээг та бүхэнд хүргэж байна. 

Цуврал №2. Оюутан залуучуудын Хүнсний бодит хэрэглээ

Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ нь (ЭМЯ, 2017) хүний хоногийн  хүнсний хэрэгцээг  бодисын үндсэн солилцоо, бие мах бодийн эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа, эд эсийн нөхөн төлжилт, илч зарцуулалтыг нөхөхөд нэг хоногт шаардагдах илчлэг, шимт бодисуудын хэмжээ, тэдгээрийг хангах хүнсний бүтээгдэхүүний хэмжээнд үндэслэн дундаж хүний дундаж хоол хүнсийг тооцдог  [Хүн амын хоол тэжээлийн физиологийн нормыг батлах тухай  2017/02/23 өдрийн А74 тушаалын хавсралт]. Тэгэхээр амьдралын мөчлөгийн насанд хүрэгчдийн бүлэгт хамаарагдах залуучуудын төлөөлөл болох оюутнуудын хоол, хүнсний хэрэглээг авч үзэж болно.

Үр дүнд нь дундаж нас, өндөр, жин, биеийн жингийн индекс багтсан: тус тус 19.74 ± 1.71 нас, 161.00 ± 0.07 см, 59.00 ± 7.78 кг, 21.55 ± 0.45 кг/м2 гарсан. Судалгаанд оролцсон нийт оюутнуудын биеийн жингийн индекс 18.5-аас бага (туранхай) 9.09%, 18.6-24.9 (хэвийн жинтэй) хооронд 79.22%, 25-аас их (илүүдэл жинтэй) 11.68%-ийг эзэлж байна.

Илүүдэл жинтэй оюутны 74% нь бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа, кофег хэрэглэдэг байна.

Хооллох зуршлаас хамаарсан өвчин тусах эрсдэлт шинж тэмдэг нь цээж хорсох (27.2%), толгой өвдөх (70.1%), өтгөн хатах (37.6%), ходоод өвдөх (61.0%) зэрэг байлаа.

Оюутнуудын 80% нь хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг туйлын хангалтгүй байна. Энэ нь нийтийг хамарсан хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн сургалтыг явуулах, түүнчлэн  хооллох танхимд зөв зохистой хооллох зөвлөмж материалыг байрлуулж тавих шаардлагатай.

Судалгаанд хамрагдсан эрэгтэй оюутнуудын дунд жингийн илүүдэл их, харин эмэгтэй оюутнуудын дунд туранхайн хувь илүү байсан. Энэ нь биеийн өндөр жинг тухайн судалгаанд оролцогсод өөрсдөө тэмдэглэсэн учраас биеийн жинг их эсвэл бага хэлэх эрсдэлтэй боловч цаашид нарийвчлан судлах шаардлагатай нь харагдлаа.

Нийт оюутнууд 7 хоногийн 3 өдөр жимс жимсгэнэ, 6 өдөр хүнсний ногоо, 4 өдөр цагаан идээ, 4 өдөр хийжүүлсэн ундааг хэрэглэдэг байна. Жимс, жимсгэнэ, цагаан идээг хэрэглэх давтамж бага байна.

Судалгаанд оролцсон оюутнууд өглөөний цайндаа ихэвчлэн печень, боов талх, цайг хэрэглэдэг.

Оюутнууд  өдрийн  хоолны  төрөлд ширхэгийн хоол буюу бууз, хуушуур, хуурай хоол, кофе, бэлэн гоймон зэргийг ихэвчлэн хэрэглэдэг байна.  Мөн 2-р хоолны хачир нь байцаа, луувангийн салат, шарсан төмс зэргээр хязгаарлагдаж байна.

Оюутнуудын хөнгөн хоолны төрөлд ихэвчлэн боов, печень зонхилж байна. Энэ нь сургуулийн дэргэдэх хоолны газрын буфетэд энэ төрлийн бүтээгдэхүүн зарж борлуулдагтай холбоотой байна. Иймээс оюутнуудын эрүүл зохистой хооллох нөхцөл шаардлагыг үндэслэн жимс, жимсгэнэ, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, сүү цагаан идээг ширхэглэн эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн худалдаалах нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай [Оюутнуудын хооллох зуршил, шим тэжээлийн мэдлэгийн судалгаа ШУТИС, ШСТ Зууннаст (Ph.D)].

Эдгээр үзүүлэлт дээр нэмээд оюутан залуучуудын хүнсний буруу хэрэглээ, хоол тэжээл, илчийн хангамжийн мэдлэг дутуу байгаагаас хуурай хоол, бэлэн гоймон болон гурил, энгийн нүүрс усны хэрэглээ өндөр, жимс, жимсгэнэ; буурцагт ургамлын хэрэглээ бага үүнээс үүдэлтэй биеийн жин нэмэгдэх, хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл залуужиж байгаагийн гол шалтгаан болж байна.

Тэгвэл үүнийг хэзээ, хэн залруулах вэ?

Залуучуудын хүнсний аюулгүй байдлын тухай хандлага, хэрэглээ өнөөдрөөс ялангуяа тэд үүнийг өөр дээрээ бас удахгүй хүний амьдралын жамаар гэр бүл, үр хүүхэд төлөвлөж хүмүүжүүлнэ. Тэгэхээр өөрийгөө ч, бусдын төлөө ч энэ зүйлийг хариуцлагатайгаар эзэмших, өглөөний хоолыг хэрэглэж дадах, бодит хооллолтын орц, шошгожуулалтыг хэрэглэдэг байх.

Үүнийг цэцэрлэгт 2-5 насны хүүхдэд бүрийн хооллох дуршил өөр байдаг дээр үндэслэн зөв хооллох талаар мэдлэг олгох, дадал хандлага болгох энэ нь насан туршийн болж үлдэх боломжийг өгдөг тул энэ үед төлөвшүүлэх шаардлагатай байна.

С. Сэржмядаг (Ph.D) ШУТИС, ҮТС, Хүнсний инженерчлэлийн салбар

 

Сэтгэгдэл
Naljir2021-11-04 11:5666.181.161.67
Sain bnu heden oyutnaas awsan be
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл