Цуврал №8. Хүнсний аюулгүй байдал ба Дэлхийн хүнсний өдөр

2020-06-18    1104

Цуврал №8. Хүнсний аюулгүй байдал ба Дэлхийн хүнсний өдөр

 

Хүмүүст мэдлэг боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх буюу өөрийгөө хөгжүүлэх, урт удаан, эрүүл саруул амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүний хөгжлийн хоёр чухал хэмжүүр.

Боловсролын бүх шатанд залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хувь хүний хандлагыг төлөвшүүлэх, тэднийг үр өгөөжтэй, сэтгэл хангалуун амьдралд бэлтгэхийн тулд эрүүл аж төрөх дадал хэв маягийг хэвшүүлэх нь эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой аливаа өвчинд өртөхгүй байж урт удаан, эрүүл саруул амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нөхцөл бий болно. Ялангуяа зөв хандлага, дадал хэвшилд амьдрах орчны бүрдэл болох хоол хүнсний хэрэглээ буюу хүнсний аюулгүй байдал шууд хамааралтай.  

Аль ч насны бүх хүн амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн “Хүнсний аюулгүй байдал”-ын нөхцөл дор амьдрах эрхтэй.

Энэ ч утгаараа ХХААБ жил бүрийн 10 дугаар сарын 16-нд өөрийн үүсгэн байгуулагдсан өдрөөрөө “Дэлхийн хүнсний өдөр” (ДХӨ)-ийг тэмдэглэсээр иржээ. 2019 онд ДХӨ-ийг Бидний үйлдэл Бидний ирээдүй: Эрүүл хүнс – Зөв хооллолт. Өлсгөлөнгүй дэлхий уриан дор тэмдэглэсэн.    

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэлхий нийтээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн 17 Зорилгын 2 дугаар Зорилгыг “Өлсгөлөнг зогсоох” гэж тодорхойлсон. Энэ нь зөвхөн өлсгөлөнгийн тухай асуудал биш, энэ нь байгаль дэлхийн нөөцийг зохистой хамгаалж ашиглан хүн төрөлхтнийг тэжээллэг чанартай хүнсээр хангалттай хэмжээгээр, аюулгүй хангах тухай асуудал юм.

ДХӨ-ийн 2019 оны уриа нь эрүүл хүнсийг хүн бүрд хүртээмжтэй хүртээх, хүнс хоолоо өөрсдийн гараар хэрхэн тарьж ургуулж, боловсруулах, хүнсээ хэрхэн зөв сонгох, хооллох дадал зуршилдаа юуг  өөрчлөх шаардлагатай, үүний тулд бидний хийж чадах зүйлд хүн бүрийн анхаарлыг хандуулахад чиглэгдэж байхаар тодорхойлогдсон. Хэрэв энэ бүгдийг зөв хийж чадвал хөдөө аж ахуй, ой, загасны арвин нөөцийг зохистой ашиглаж эх дэлхийгээ хамгаалж, шим тэжээлээр баялаг, чанартай хүнсийг хүн бүр хангалттай хэмжээгээр хүртэх бүрэн боломжтой.

 С.Сэржмядаг (Ph.D) ШУТИС, ҮТС Хүнсний инженерчлэлийн салбар

 

Сэтгэгдэл
2020 © Youth of Mongolia . ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.     Үйлчилгээний нөхцөл