Тогтвортой хөгжлийн таван Пи-гийн зарчим
НҮБ (2015) нь Тогтвортой хөгжлийн 5 бүрдэл хэсэг буюу 5 “Пи”-ийн зарчмаар тогтвортой хөгжлийг тодорхойлно гэж үзсэн (Үндэсний статистикийн хороо, 2016; НҮБ, 2015). Үүнд:
- Хүн төрөлхтөн: Ядуурал, өлсгөлөнгийн бүх хэлбэрийг устгаж, бүх хүмүүс өөрсдийн боломж, чадамжийг хангаж чадахуйц шударга, тэгш эрхт, эрүүл орчинг бий болгох шийдвэрт нэгдсэн байна.
- Эх дэлхий: Бид тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн оновчтой загвар, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн талаар нэн яаралтай арга хэмжээ авах замаар гараг ертөнцийг доройтлоос хамгаалан, өнөө болон ирээдүй үеийн шаардлага хэрэгцээг хангах нөхцлийг бүрдүүлэх шийдвэр төгс байна.
- Хөгжил цэцэглэлт: Бид бүх хүмүүс сайн сайхан, бүрэн дүүрэн амьдрах, эдийн засаг, нийгэм, технологийн дэвшил нь байгаль орчинтой зохистой байх нөхцлийг хангах шийдвэр төгс байна.
- Энх тайван: Бид айдас, хүчирхийллээс ангид, энх тайванч, шударга, хүртээмжтэй нийгэм бүрдүүлэх шийдвэр төгс байна. Энх тайвангүй тогтвортой хөгжил, тогтвортой хөгжилгүй энх тайван гэж байхгүй.
- Хамтын ажиллагаа: Бид дэлхий дахины эв нэгдлийг бэхжүүлэх, нэн ядуу, эмзэг бүлгийн хүмүүст чиглэсэн тогтвортой Хөгжлийн Дэлхий Дахины Түнлэлийг сэргээн бэхжүүлэх замаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэрэгслийг дайчлан, бүх улс орон, бүх холбогдох талууд, бүх хүмүүсийн оролцоотойгоор хэрэгжүүлэх нөхцлийг хангах шийдвэр төгс байна.
Тогтвортой хөгжлийн хамрах хүрээнээс гадна “Тогтвортой хөгжлийн үндсэн 6 элемент”-ийг НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2015 онд дэвшүүлсэн. Үүнд:
- Тэгш байдал: Дэлхий даяар ядуурал, тэгш бус байдлыг устгах буюу 1, 5 дугаар ТХЗ-ыг хамруулна.
- Хүн: Хүний эрүүл мэнд, мэдлэг боловсролыг дээшлүүлэх буюу 2, 3, 4 дүгээр ТХЗ-ыг хамруулна.
- Эх дэлхий: Өнөөгийн болон ирээдүйд иргэдэд зориулан байгаль орчны бохирдол, доройтол, байгалийн нөөцийн хомсдлоос эх дэлхий экосистемийг хамгаалах буюу 6, 12, 13, 14, 15 дугаар ТХЗ-уудыг хамруулна.
- Хамтын ажиллагаа: Даян дэлхийн хамтын ажиллагааг буюу эв санааны нэгдлийг тогтвортой хөгжилд чиглүүлэх буюу 17 ТХЗ-ыг хамруулна.
- Шударга ёс: Энх тайван, аюулгүй нийгмийн хөгжил, түүнийг сахин хамгаалах, хэрэгжүүлэх институцийг бэхжүүлэх буюу 16 дугаар ТХЗ-ыг хамруулна.
- Хөгжил цэцэглэлт: Тэгш хүртээмжтэй, өндөр өсөлттэй, бусдад өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих буюу 7, 8, 9, 10, 11 дүгээр ТХЗ-уудыг хамруулна.