МОНГОЛ УЛСЫН ЭКОЛОГИЙН УЛ МӨР
Нөхцөл байдал ямар байна вэ?
Хэрэв дэлхийн бүх хүнийг Америкийн дундаж орлого бүхий иргэдтэй адил хэрэглээтэй болгоно гэвэл нийт хүн төрөлхтөнд манай дэлхий шиг 4.1 дэлхийн нөөц баялаг шаардлагатай. Харин бүх хүнийг Монгол хүн шиг амьдруулна гэвэл 3.3 эх дэлхийн нөөц баялаг хэрэгтэй ажээ. Америк, Монголын амьдралын хэв маяг, хөгжлийн түвшин асар их ялгаатай атал Монголчууд яагаад адил шахам ул мөрийг үлдээж байна вэ? (Time Mongolia, 2017)
Монголчуудын нэг хүнд ногдох дундаж ул мөр 6.1 га бөгөөд үүний 66% нь мал аж ахуйн бэлчээрийн доройтлоос үүдэлтэйг Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2014 оны Амьд байгалийн индексийн тайланд өгүүлсэн байна (World Wildlife Fund, 2016).
Монгол орны бэлчээрийн даац хэтэрч, газар нутгийн ихэнх нь цөлжсөн нь Монголчуудын ул мөрийг нэмэгдүүлж буй нэг томоохон хүчин зүйл юм. БОАЖЯ-аас эрхлэн гаргасан Монгол орны байгаль орчны төвөл байдлын тайланд өгүүлснээр, 2015 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд үүнээс их хэмжээгээр доройтсон газар нутаг 22.9%-ийг эзэлж байна (БОАЖЯ, 2016).
Цөлжилт газрын доройтлын улмаас Монгол орны биологийн даац, чадавх 50 жилийн хугацаанд 50 хувиар огцом буурчээ. Өндөр хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэхүйц түвшинд очсон экологийн ул мөрөө бууруулахын тулд малын тоо толгойн зохистой харьцааг барих, сүргийн бүтцээ сайжруулах, бэлчээр сэлгэн нүүдэллэдэг уламжлалт аргуудаа сэргээн дагах шаардлага бидэнд тулгарч байна. Мэдээж эдгээр бодлого, арга хэмжээ нь малчдын амьжиргааг дэмжсэн байх ёстой бөгөөд байгаль орчиндоо халгүй атлаа эдийн засаг нь хөгжсөн, нийгмийн асуудлууд нь шийдэгдсэн байж тогтвортой хөгжлийн зорилгуудаа хангах билээ (Time Mongolia, 2017).
Монголчууд эрт дээр үеэс тогтвортой хөгжлөөр замнагч нүүдэлчин улс байсан, байсаар ч байх ёстой. Бидний өвөг дээдэс “Малын амьсгалаас бусдыг бүгдийг хэрэглэж болдог” гэж сургаж ирсэн уламжлалтай. Арьсаар нь хувцас хийнэ, мах, сүү, толгой, шийрийг нь хүнсэндээ хэрэглэнэ. Хоргол, баасыг нь түлшиндээ хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл нөөцийн төгс ашиглалтын өвөг дээдэс бидэнд өвлүүлж өгчээ. Тэгвэл бид өнөөдөр хэнийг дуурайж, хаашаа яваад байна вэ? Монголчууд бидний хувьд экологийнхоо ул мөрийг хамгийн бага байлгах туршлага, түүх байгааг сэргээх нь чухал байна.
Бид юу хийж чадах вэ?