6.“ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ”-2019 ЧУУЛГА УУЛЗАЛТ
Монгол улсад 18-35 насны залуучууд нийт хүн амын 38,5 хувийг эзэлдэг бөгөөд хүн амын бусад бүлгүүдтэй харьцуулахад хамгийн их хувийг эзэлж байна.
Нийгмийн олон салбарт залуучуудын идэвхи, манлайлал, дуу хоолой хэрэгтэй байна. Тиймээс залуу хүн бүрийн идэвхи нийгмийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр үзүүлэх бөгөөд Монгол улсын ирээдүй залуучуудын гарт байгаа гэдгийг тодруулах, олон салбарт өөрчлөлт шинэчлэлийг авчрах санаа сэдлийг өгөх зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд хамтран “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтыг 2019 оны 6 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус чуулга уулзалтанд 18-35 насны нийслэл, орон нутгийн 1000 гаруй залуус оролцож үзэл бодлоо нээлттэй илэрхийлсэн юм.
Чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд залуусын хувь нэмрийг хэлэлцэхээс гадна сайн засаглал, байгаль орчин, бизнес, улс төр, нийгмийн оролцоо, авилгал, хот, боловсрол зэрэг дэд сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэг хийж, сонирхолтой илтгэлүүдийг танилцуулан хэлэлцлээ. Түүнчлэн эдгээр хэсгийг мультимедиа үзэсгэлэн, чөлөөт мэтгэлцээн, панел хэлэлцүүлэг, хөгжим, урлагийн тоглолт гэхчлэн сонирхолтой хэлбэрүүдээр хийснээрээ онцлог болж өнгөрсөн юм.
Чуулга уулзалтад олон талт оролцоог хангахын тулд зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг, сумдад ажиллаж амьдарч буй залуусын төлөөлөл хүрэлцэн ирж "Туушин" болон "Blue Sky" зочид буудлын танхимуудад 2 өдрийн турш өөрсдийн туршлага, үзэл бодлоо нээлттэй хуваалцаж харилцан мэдээлэл солилцлоо.
"Залуусын дуу хоолой"-2019 чуулганыг санаачлан зохион байгуулах болсон шалтгаанаа "Митчелл" сангийн ТУЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн А.Ундраа хэлэхдээ:
Митчелл сангийн хувьд 2009 онд "Монголын залуу лидер" хөтөлбөрийг АНУ-ын Вашингтон хотод хийж байсан. Гадаадад суралцаж байгаа залуус Монголдоо ирээд мэдээлэл хуваалцах, нэгдэж ажиллахад амаргүй байгаа санагдсан. Тиймээс энэ боломжийг бий болгохын тулд "Монголын залуу лидер" хөтөлбөрөө хийж эхлүүлснээр одоо 10 жил болж байна.
Энэ хөтөлбөрийг хийх үед болон "Зориг Сан"-гийн "Залуу манлайлагчдын хөтөлбөр", "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" байгууллагын "Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр", МУЗ-ийн "Урлагийн залуу манлайлагчдын хөтөлбөр", LEAD Mongolia хөтөлбөр гэхчлэн олон газар очиж залуучуудтай уулзаж, лекц, яриа хийж байна. Энэ явцад эрчтэй хүчтэй, боловсролтой, зөв хандлагатай залуус маань Монголынхоо улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд маш шүүмжлэлтэй хандаж байсан. Үүнтэй нь би санаа нэг буюу бидэнд өнөөдөр эдийн засгийн бэрхшээл, агаарын бохирдол, замын түгжрэл гээд олон асуудал бий гэдэгт санал нийлдэг.
Үүнээс гадна улстөрийн манлайлал, улстөрчид хэн бэ, яагаад салбар бүрт авлигын асуудал тулгамдаж байна вэ гэхчлэн улстөр бохир байгааг залуучууд хэлж байсан. Ингээд ийм бохир учраас би хол байна, яавч улс төрд орохгүй гэж ярьж байсан. Гэвч энэ нь бохир гээд хол л байгаад байвал хэн сайн, сайхан болгох вэ, одоо байгаа нөхцөл байдал болохгүй байгаа бол хэрхэн сайжруулах вэ, юуг, яаж өөрчлөхийг хүсэж байна вэ гэдгийг ярилцахсан гэсэн бодол сүүлийн жилүүдэд төрөх болсон. Энэ тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард Азийн Сангийн тэргүүн Марк Коэнингтэй хуваалцаж манлайллын залуус гарц, шийдэл хайдаг, улстөрд идэвхтэй оролцдог, саналаа өгдөг, өөрийн итгэж үнэмшсэн намдаа элсдэг, шат шатны сонгуульд өрсөлддөг, томилогдох албан тушаалд буюу төрд ажиллахаас халгадаггүй байгаасай гэх энэ хэлэлцүүлгийг өрнүүлэхсэн гэсний үндсэн дээр "Залуусын дуу хоолой" чуулга уулзалтыг санаачилсан гэлээ.
Хоёр өдрийн салбар хуралдаануудад залуучууд идэвхитэй оролцсон бөгөөд хуралдааны үйл явцаас харахад ажил мэргэжил, амьдран суугаа хот, орон нутаг үл хамааран залуучууд идэвхи оролцоотой байж нийгмээ манлайлах хүсэл эрмэлзэл нь дэд хуралдаан бүрт тэдний хуваалцсан түүх, тавьсан асуулт зэргээс илэрхий харагдсан юм. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлуулахад “Хаалганы цаана” хөдөлгөөнийг өрнүүлсэн, шинэхэн төгсөгчдийг ажилд ороход тусалж, сургасан “Тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр, 300 гаруй жилийн түүхтэй хотынхоо музейг авч үлдэхийн төлөөх “Улаанбаатар музей” төслийг хэрэгжүүлсэн гээд чадах чинээгээр, өөрийн хэрээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэээр зорьж байгаа санал, санаачлагуудаа залуус танилцуулсан нь тэд юу хүсэж, ямар замаар явахыг зорьж байгаагаа харуулсан хэрэг байв. Түүнчлэн салбар хурлуудад олон судлаач, мэргэжилтэн, шинжээчид ирж мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцаж юуг эрхэмжлэж, нандигнаж явах тухай үе хоорондын нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн.
Чуулга уулзалт эхлэхээсээ дуусах хүртэл залуучууд өөрийн сонирхсон салбар хуралдаануудад оролцох боломжийг олгосон бөгөөд урам зориг, шинэ санал санаачилга, нийгмийн эерэг өөрчлөлтөд уриалсан агуулгаар үргэлжилсэн юм. Тухайлбал чуулга уулзалтын төгсгөл хэсэгт “Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг залуучуудад танилцуулж хэлэлцүүлэхэд танхим дүүрэн цугларсан залуучууд анхааралтай, идэвхитэй оролцож байсан нь тэдний улс төр болоод төрийн хууль тогтоох үйл хэргийг анхааралтай сонирхож оролцох хүсэл тэмүүлэл дүүрэн байгааг харуулсан үйл явдал болсон юм.
Зохион байгуулагч: Митчелл сан, Азийн Сан, Уорлд Лөрнинг ТББ, Дэлхийн Зөн Монгол, Мерси Кор, Бүгд найрамдахчуудын хүрээлэн, Каритас Монгол
МЭДЭЭЛЛИЙН АГУУЛГЫГ ЯЛГАН ТАНИХАД СУРАЛЦАХ НЬ: ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ, БАРИМТ, ҮЗЭЛ БОДЛЫН ЯЛГАА
Хэлэлцүүлгийн эхэнд "Мэдээллийг ялган танихын ач холбогдол, хэрэгцээ шаардлага" сэдвээр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш Д.Идэржаргал, илтгэл тавьсан юм. Тус илтгэлд болон бусад оролцогчдоос гарсан чухал санааг онцолсныг товчлон хүргэж байна.
Д.Идэржаргал: "Мэдээлэл гэхээр хүмүүс зурагтаар үзээд ном, сонингоос уншаад өнгөрдөг мэдээ мэт боддог боловч өнөө үед мэдээлэл бидний бүхий л сонголт, шийдвэрт нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэл хүлээн авахад үнэгүй боловч мэдээллээс үүдэн гарч буй үр дагавар харьцуулшгүй үнэ цэнэтэй"
Д.Идэржаргал "Аливаа мэдээллийг хайж олох, үнэлэх, үр дүнтэйгээр ашиглах ур чадварыг мэдээллийн бичиг үсэгт тайлагдах (media literacy) гэж тодорхойлдог. Тэгвэл дэлхийн хамгийн том бизнес, технологийн компаниуд нэгдсэн P21 хэмээх ТББ мэдээллийн эрин зуунд амьдарч буй хүмүүсийн заавал эзэмших ур чадваруудыг нэрлэсэн.
Таны авч буй мэдээлэл баталгаатай эсэхийг хэрхэн мэдэх вэ?
-
Эх сурвалжийг шалгах: Тухайн мэдээллийг хэн, ямар байгууллага бэлтгэж, түгээснийг харах
-
Контент анализ хийх: Нэг талыг баримталсан эсэх, зөрчилдөж буй талуудын байр суурийг аль алиныг нь тусгасан уу, баримт нотолгоо байна уу гэдгийг нягтлах
-
Уур бухимдал, айдас жигшүүр, инээдтэй гэх мэт сэтгэл хөдлөлийг бий болгож байна уу (хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлж байвал хуурамч мэдээлэл байх магадлал өндөр)
-
Хэл зүйг шинжил: Үг үсгийн алдаатай, мэдээллийн гарчиг сенсацилсан, өдөөн хатгасан өнгө аястай байвал хуурамч мэдээлэл байх магадлал өндөр
-
Вэб сайтын дизайнд анализ хийх: Домайн хаяг нь албан ёсных уу эсвэл хувь хүний блог байна уу, сайтын мэдээлэл нь тогтмол шинэчлэгддэг үү, бусад мэдээлэл нь ямар агуулгатай байна гэдгийг харах
-
Бусад эх сурвалж энэ талаар хэрхэн мэдээлж буйг шинжлэх (Итгэж болох мэргэжлийн хэвлэл мэдээллүүд энэ талаар юу гэж мэдээлж байгааг давхар нягтал)
Б.Намнандорж: Бүрэн зураг, бүтэн мэдээлэл авсны дараа дүгнэлт хийгээрэй
"Remo Media"-ийн үүсгэн байгуулагч Б.Намнандорж "Хуурамч мэдээлэл гэж юу вэ, үүнийг хэрхэн таних вэ" сэдвээр ярьсан юм.
Мэдээллийг ерөнхийд нь мэдээ, ухуулга, үзэл бодол, сурталчилгаа, энтертайнмент гэж тав ангилдаг. Харин бодит бус мэдээллийг (misinformation) хуурамч мэдээ, хов жив, ухуулга, шоглоом, дам яриа гэж хувааж болдог. Бодит бус мэдээлэл нь мөнгө олох, хандалт авах, үзэл бодол гуйвуулах, хувийн мэдээлэл цуглуулах зэрэг далд зорилгыг агуулах нь бий. Тиймээс аливаа мэдээллийг уншихдаа энэ нь зөвхөн мэдээлэх зорилго агуулж байна уу эсвэл намайг ятгах, ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ зарах, үзэл бодолд нөлөөлөх далд санаа агуулж байгаа эсэхийг байнга эргэцүүлэх хэрэгтэй.
Дараах шаардлагуудыг хангасан контентыг чанартай сэтгүүл зүйн бүтээл гэж үзнэ. Үүнд: Эх сурвалж нь баталгаатай, агуулга нь зөв, баримттай, шударга байдлыг хангасан, хариуцлага хүлээх эзэнтэй, төвийг сахисан байх.
Хэрхэн хуурамч мэдээлэлд хууртахгүй байх вэ?
-
Нийгмийн сүлжээнд танихгүй хүнтэй найз болохгүй байх
-
Зорилго нь тодорхойгүй групп, хуудсуудад нэгдэхгүй байх
-
Таны мэдээлэл авч буй фэйсбүүк хуудасны нэр өөрчлөгдсөн эсэхийг шалгах
-
Зурган хайлт хийх (Tineye, Google image search зэргийг ашиглаж тухайн зураг анх хэзээ, хаана ашиглагдсаныг тогтоож болдог)
-
Тухайн мэдээллийг бичсэн сэтгүүлчийн бусад мэдээ, нийтлэлийг шалгаж үзэх
-
Phishing буюу хувийн мэдээллээ хакердуулахаас сэргийлэх (дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл коммент дээр байгаа линк рүү дарж ороорой гэсэн урхиас зайлсхийх)
-
Гарчиг уншиж мэдээний агуулгыг дүгнэхгүй байх
-
Тухайн мэдээний он, сар, өдрийг шалгах (хоцрогдсон мэдээлэл байж болно)
-
Тухайн агентлагийн сайт руу орж байгууллагын нийтлэлийн бодлого, танилцуулга, холбоо барих хэсгийг нягтлах
-
Наргиа, хошин шог, егөөдөл эсэхийг шалгах
Ц.Тамир: Залуусын оролцоо чухал ч оролцохоос өмнө зөв мэдээлэлтэй байх нь илүү чухал
Хараат бус эрэн сурвалжлах төвийн хамтран үүсгэн байгуулагч Ц.Тамир "Баримт ба үзэл бодол" сэдвээр илтгэл тавив.
"Сүүлийн 3 жилд Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд 227 гомдол ирсэн. Үүнээс 119 бүтээлийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн бөгөөд тэдгээрийн 52.4 хувь нь мэдээллийг нягталж, шалгаагүйгээс шалтгаалсан гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, буруутай нь тогтоогдсон сэтгүүл зүйн хоёр контент тумын нэг нь баримтыг нягталж шалгаагүй гэсэн үг. Бид өнөөдөр ийм мэдээлэл дунд амьдарч байгаа учраас мэдээллийг нягтлах, баримтыг үзэл бодлоос салгаж ойлгох шаардлагатай байна" гэв.
Баримт үзэл бодлоос юугаараа ялгаатай вэ?
Тэрбээр "Нотлогдож болох зүйлийг буюу тодорхой цаг хугацаа орон зай дахь нотлогдохуйц зүйлийг баримт гэдэг. Харин үзэл бодол гэдэг нь хувь хүний үзэл бодол, байр суурь, үнэлэлт, дүгнэлт, таамаглалыг хэлнэ. Жишээ нь, Fact checking буюу мэдээллийг нягталж шалгах ажлыг зөвхөн өнгөрсөн болон одоо цагт хийж болдог. Гэтэл "2012 онд дэлхий сөнөнө" гэсэн мэдээлэл нь таамаглалын шинжтэй учраас баримт биш юм. Саяхан "Вагро өргөст хэмхнээс хуруу зай гарчээ" гэх мэдээлэл гарсан байсан. Доторх мэдээллийг нь уншаад үзвэл даршилсан өргөст хэмхнээс хуруу зай гарсан гэх иргэний гомдлыг мэргэжлийн байгууллага шалгаж байна гэсэн агуулгатай. Хуруу зай гарсан эсэх нь албан ёсоор тогтоогдоогүй байхад тухайн хэвлэл мэдээллийн байгууллага аль хэдийн гарсан мэт гарчиг өгсөн. Эндээс үзэл бодол, баримтын ялгааг харж болно" гэлээ.
Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд "Залуучуудын оролцоо чухал ч оролцохоос өмнө зөв мэдээлэлтэй байх нь илүү чухал. Цаашлаад хэрэггүй мэдээллийг тоохгүй өнгөрүүлэх, хуурамч мэдээлэлд оролцохгүй, цааш түгээхгүй байх нь орчин цагт эзэмшвэл зохих чухал чадвар юм. Гэвч мэдээллийн боловсрол энд хүрээд зогсохгүй. Энэ бол аливаа мэдээллийг эрж олоод, шүүлтүүртэйгээр боловсруулсны үндсэн дээр хариуцлагатайгаар үзэл бодлоо хуваалцах, бусдад түгээх зэргийг хамарсан цогц үйлдэл юм" гэв.
Эх сурвалж: www.ublife.mn
Авлига бас ёс зүй
Залуусын дуу хоолой форумын Авилгын талаар ярилцах салбар хэлэлцүүлгийн илтгэл, асуулт хариултууд авлигын талаарх олон талт байр суурийг харуулж байсан төдийгүй өсвөр үе залуучуудад хамгийн ойр салбар болох боловсролын салбар дахь авлига, ёс зүйн асуудлууд хүчтэй хөндөгдөж, судалгааны үр дүнгүүд түүнд чиглэж байсныг онцолж байна. Мөн эссэгээ танилцуулахаар сонгогдсон шилдэг оролцогчид бүгд сонгуулийн насанд хүрсэн ихэнхи нь ирэх жилүүдэд анх удаа сонгууль өгөх гэж буй учир сонголтоо хийхийн тулд улс төрчид, нэр дэвшигчдээс юу хийхийг хүсэж буй талаар мөн авлигатай хэрхэн тэмцэх талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.
Оролцогчид, илтгэгчид бүгд сэтгэл хангалуун байсан бөгөөд хэдийгээр хүнд, өргөн хүрээг хамарч ярих шаардлагатай, багагүй мэдээлэл туршлага шаардах сэдэв боловч өсвөр үеийнхэн, залуучууд энэ талаар өөрсдийн гэсэн бодолтой, технологийн дэвшил, өндөр хөгжилтэй орны сайн жишээ зэргийг татан ярьж шийдлүүд санал болгож байгаа нь сэтгэл хөдөлгөсөн. Илтгэл, ярианууд агуулгаараа “томчууд үлгэрлэх хэрэгтэй байна буюу одоо үе болон ирээдүйдээ битгий уршиг тарь, шударга бус үйлдлээ зогсоо” гэдэг дээр санал нэгдэж байсан.
Ашигласан эх сурвалж: www.khamtdaa.mn